Omni shipping - Weekly news #59
Цаагуур чинь юу болоод байна?
Арын сайхан Солонгосын нөхцөл байдал

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун(김정은)-г нас барсан, бие нь муудсан гэх цуурхалууд сүүлийн 7 хоногийн турш гарсан ба мөн хилийн цэргийн үйл ажиллагаанд түүний дүү болох Ким Ёо Жон(김여정) эрчимтэй оролцож эхэлсэн нь олны дунд нилээн том санаа зовнилтыг бий болгосон. Санаа зовних гол шалтгаан нь одоог хүртэл босгож ирсэн харилцаа, хэлэлцээрүүд шууд байхгүй болчих вий гэсэн шалтгаанаас үүдэлтэй юм л даа. Ерөнхийдөө одоогийн ОХУ болон Украйны дайн, дээрээс нь Ойрхи дорнодын асуудал дээр Ази тивд асуудал үүсч ямар нэгэн байдлаар цэргийн үйл ажиллагаа эхлэх юм бол, за үнэхээр уучлаарай дэлхий тэр чигээрээ бантан болох бүрэн боломжтой байгаа.
Харин 10 сарын 24-нд БНХАУ-н Даньдун хотод Ким Жон Ун гэнэтийн айлчлал хийж олон түмэнд цочроо өглөө. Даньдун нь боомт хот бөгөөд 1950 онд БНХАУ-н цэргүүд хоёр Солонгосын дайнд нэгдэхдээ Даньдун хотын эрэгт нь орших Ялу голыг гатлан Хойд Солонгос руу нэвтэрч байсан юм. Мөн Даньдун хотод Хойд Солонгос болон БНХАУ хоёрыг холбосон гүүр шинээр байгуулагдсан ба Ким Жон Ун удирдагч тэрхүү гүүрээр ирээд, буцсан гэж байгаа. Dejavu ч юм шиг. Нэг талаараа дэлхий нийтэд дохио өгч буй гэлтэй. Тухайн гүүрээр дамжуулан хоёр улсын худалдаа, хамтын ажиллагаа улам эрчимжихийн сацуу 1950 онд болсон шиг цэрэг армийн тусламж ч хурдан шуурхай байх болно гэж харуулсан, гайхуулсан үйл явдал болов.

Түүнийг БНХАУ-н коммунист намын байнгын хорооны гишүүн Ван Хунин тосож аван, буцахад нь үдэн гаргасан байна. Мөн Ким Жон Ун хоёр Солонгосын дайнд амиа алдсан БНХАУ-н цэргүүдийн дурсгалд очих хүндэтгэл үзүүлсэн байна. Энэхүү айлчлал түүний БНХАУ-д хийж буй 7 дахь айлчлал болж байгаа ба үндсэн зорилго нь БНХАУ болон ОХУ-с авах дэмжлэгүүдээ улам бататгах байх вий гэсэн хардалт үүсэж байна.
Нэг талаас бодоод үзвэл тэд ямар нэг юманд бэлдээд байгааг харуулах үйл явдлууд болсоор л байна. ОХУ-д цэргээ илгээж орчин үеийн техник, технологиор зэвсэглэсэн дайснуудтай тулалдуулж том туршлага суулгахын зэрэгцээ БНХАУ-с тусламж орж ирэх явцыг саадгүй болгосон. Дээрээс нь хилийн байдлаа чангатгасан гээд ирээдүйд тэд 1950 оныг дахин давтахгүй гэсэн баталгаа огт үгүй юм. Учир нь тэдний дайн огт дуусаагүй шүү дээ.
АНУ-н драм юу болж байна?

За ерөнхийдөө бол нам гүм. Гэхдээ шуурганы өмнөх тайван байдал шиг. Байдал юу болж байна вэ? гэвэл даваа гарагт Саудын Араб, Турк, Пакистан зэрэг улсуудаас төлөөлөгч нар Техранд ирж Ираны удирдах албан тушаалтнуудтай уулзаж Вашингтонтой энхий хэлэлцээр байгуулах тухай ятгасан байна. Түүнээс гадна Йемены дайн дэгдээгээд байгаа нөхдүүдийг ч дурьдаад амжив.
За асуудлын хамгийн гол нь АНУ-с сонгуулийн дараа нилээн том хөдөлгөөн хийх гээд бэлдээд байгаа нь харваас тодорхой болсон нь байгаа юм. Израилд Нетаньяху сонгууль бодоод Трампын чихэн дээр гоншигонох нь багасаж, мань Трамп ч өөрөө ер нь бас дахин сонгогдохгүй байх магадлал ихтэй бүгд л дэнжгэнэж байна. Трампын зүгээс ч тэр Нетаньяахугын зүгээс ч тэр хурц, хурц сүрдүүлэг явсаар байгаа. “Ер нь бол энхийн хэлэлцээр хийж болно. Гэхдээ юу сонгох чинь хамаагүй, хүсвэл Ираныг сүйрүүлэх маш амархан. Шийдвэр тэднийх, бидний хувьд аль нь ч бай эцэстээ чанарын ялгаагүй.” Гэх утгатай юм яригдсан.
АНУ-н зүгээс Ойрхи Дорнодооос бүх элчин сайдуудаа татах, Франц, Англи зэрэг улсуудаас цэргийн тусламж цуглуулах зэрэг нилээн том хөдөлгөөн хийхэд бэлдээд байгаа нь олон улсын нөхцөл байдал, эдийн засгийг яг нэг тийм хүлээлтэд оруулчихаад байна. Хаашаа ч эргэж болохоор нөхцөл байдал гэсэн үг л дээ.
Манай хөршүүд тэнд бааварлаад байна уу даа?

Хойд мөсөн далай руу Орос, Хятад хоёр маань нэлээн нухацтай хандаж эхэллээ. Арктик гэдэг чинь зүгээр л цагаан баавгай, мөс хоёрын асуудал биш болоод удаж байгаа юм. Одоо бол худалдаа, тээвэр, эрчим хүч, цэрэг стратегийн томоохон тоглолтын нэг хэсэг болчихлоо.
Юу болоод байна вэ гэхээр Оросын хойд эргээр дайран Ази, Европыг холбодог Хойд тэнгисийн зам (Northern Sea Route)-аар энэ жил хөлөг онгоцны хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна. Есдүгээр сард гэхэд 133 хөлөг уг замаар зорчсон нь дөрвөн жилийн өмнөх мөн үеэс дөрөв дахин их үзүүлэлт юм. Бүр Хятадын Sea Legend Shipping компани Хятад–Европын хооронд Арктикаар дамжих тогтмол улирлын чингэлгийн үйлчилгээг эхлүүлээд амжсан байна.
Яагаад энэ зам чухал гэж? Ердийн нөхцөлд Азиас Европ руу ачаа явуулахад Суэцийн сувгаар дамждаг. Харин Ойрхи Дорнодод асуудал үүсэх, Панамын сувагт усны түвшин буурах зэрэг шалтгаанаар далайн тээврийн компаниуд өөр маршрут хайх шаардлагатай болдог. Арктикийн зам онолын хувьд аяллын хугацааг богиносгох боломжтой учраас Хятад улс энэ чиглэлд туршлага хуримтлуулж, ирээдүйн сонголтоо бэлдэж байна.
Гэхдээ энд нэг том АСУУДАЛ бий. Мөс хайлаад зам нээгдлээ гээд тээвэр шууд хямд, аюулгүй болчихгүй.
Хөвж яваа мөсөн хэсгүүд, боомт болон аврах байгууламжийн хомсдол, цаг агаарын эрсдэл гээд толгой өвтгөх зүйлс зөндөө. Одоогоор энэ маршрут дэлхийн далайн тээврийн гол урсгалуудыг орлох хэмжээнд хүрээгүй байна.
Тэгвэл Орос яагаад ингэж анхаараад байна вэ? Учир нь уг маршрут Оросын эрэг дагуу байрладаг тул Москва зөвшөөрөл, зохицуулалтын хувьд том нөлөөтэй. Хятад харин урт хугацаандаа худалдааны шинэ гарцтай болохын зэрэгцээ Арктикийн бүсэд өөрийн байр сууриа бэхжүүлэх сонирхолтой.
Монголд ямар хамаатай вэ? Шууд хамаагүй юм шиг харагдавч дэлхийн тээврийн маршрут өөрчлөгдөхөд чингэлгийн багтаамж, далайн тээврийн үнэ, боомтуудын ачаалал, нийлүүлэлтийн хугацаа дагаад өөрчлөгдөх боломжтой. Гэхдээ Арктикийн зам нээгдлээ гээд маргааш манай Хятадаас ирдэг ачаа хямдарна гэсэн үг огт биш шүү. Харин олон улсын тээврийн зах зээлд ямар шинэ сонголтууд бий болж байгааг анзаарах хэрэгтэй.
Нэг үгээр хэлбэл, манай хоёр хөрш зөвхөн хуурай газраар биш, дэлхийн далайн стратегийн чухал бүсүүдэд ч нөлөөгөө нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Баавгайтай мөсөн дээр тоглож байгаа юм шиг харагдавч цаана нь асар том эдийн засаг, геополитикийн тоглолт явж байгаа аж.
Канад АНУ 2 буцаад гайгүй худалдаа хийчих гээд байна уу?

За энэ хоёр маань бас л нэг хэрэлдэж, нэг эвлэрэх гэж оролдсоор. Гэхдээ энэ удаа яриа нь арай бодитой тал руугаа орж байх шиг байна.
АНУ, Канад хоёр наймдугаар сард худалдааны хэлэлцээ нь тасалдсанаас хойш харилцаа нь нэлээн муудсан. Гол маргаан нь Канадын ган болон автомашинд ногдуулсан АНУ-ын импортын татвар. Одоогийн зохицуулалтаар Канадын зарим ган бүтээгдэхүүнд 50 хүртэлх хувь, автомашинд 25 хувийн татвар ногдуулж байгаа бөгөөд талууд эдгээр татварыг хөнгөлөх боломжийн талаар дахин ярилцаж эхэлжээ.
АНУ-ын арваннэгдүгээр сарын 3-ны завсрын сонгуулиас өмнө тохиролцоонд хүрч магадгүй гэсэн мэдээлэл ч гарсан. Гэхдээ энэ нь хоёр улсын худалдааны бүх асуудал шийдэгдэнэ гэсэн үг биш. Хэлэлцээр хийгдсэн ч зөвхөн тодорхой бараа, салбарын татварыг хамарсан хязгаарлагдмал тохиролцоо байж болзошгүй байна.
Одоо энд манай тээврийн салбарт хамаатай нэг зүйл бий.
Канад–АНУ-ын авто замын тээвэр бол бидний ашигладаг маршрутын нэг. Тарифын өөрчлөлтөөс шалтгаалаад зарим компани ачаагаа аль улсаар дамжуулах, хаанаас татан авах, агуулах болон тээврийн сүлжээгээ хэрхэн зохион байгуулах талаар дахин тооцоо хийдэг.
Хэрэв хоёр улсын татварын маргаан намжвал Канад–АНУ-ын хилээр дамжих худалдааны урсгал, тээврийн эрэлт, ачааны хөдөлгөөнд өөрчлөлт гарах боломжтой. Харин тохиролцоо бүтэлгүйтвэл татварын дарамт, хил дээрх зохицуулалт, тээврийн зардлын тодорхойгүй байдал үргэлжилнэ.
Гэхдээ нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй: тариф буурлаа гээд тээврийн үнэ автоматаар буурдаггүй. Тээврийн багтаамж, жолоочийн зардал, шатахуун, хил нэвтрэх хугацаа, ачааны чиглэлийн эрэлт гээд олон зүйл нөлөөлнө.
Тиймээс Канад–АНУ-ын чиглэлээр бараа татдаг компаниуд болон энэ маршрутаар тээвэр зохион байгуулдаг логистикийн байгууллагууд хэлэлцээрийн үр дүнг анхааралтай ажиглах хэрэгтэй. Худалдааны бодлогын нэг өөрчлөлт гэдэг чинь заримдаа ачааны маршрут, нийлүүлэлтийн хугацаа, нийт өртгийг дахин тооцоолох шалтгаан болдог шүү.
Импортлогч байгууллагуудад: Тээвэр эхлэхээс өмнө бичиг баримтуудаа үргэлж шалгаж байгаарай!

Гадаадаас бараа татахад хамгийн түрүүнд үнэ, тээврийн зардал, ирэх хугацаагаа тооцдог. Гэхдээ бараа хил дээр ирсний дараа бичиг баримт дутуу, барааны мэдээлэл зөрүүтэй, шаардлагатай зөвшөөрөл байхгүй бол яах вэ? Тэр үед хямд авсан бараа чинь хүлээлт, агуулахын зардал, нэмэлт ажиллагаа дагуулах эрсдэлтэй.
Монголын гаалийн бүрдүүлэлтэд барааны мэдүүлгээс гадна нөхцөл байдлаас шалтгаалан худалдааны гэрээ, нэхэмжлэх (Invoice), баглаа боодлын жагсаалт (Packing List), тээврийн баримт, гарал үүслийн мэдээлэл болон шаардлагатай зөвшөөрөл, гэрчилгээ шаардагдаж болно.
Жишээ нь:
• Хятадаас тоног төхөөрөмж оруулж ирэх гэж байгаа бол: Барааны нэр, загвар, тоо хэмжээ, техникийн тодорхойлолтоо урьдчилан бэлд. Тухайн тоног төхөөрөмжид тусгай зөвшөөрөл, тохирлын баримт шаардагдах эсэхийг шалга.
• Хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, химийн бодис импортлох гэж байгаа бол: Барааны төрлөөс хамааран эрүүл ахуй, хорио цээр, бүртгэл эсвэл тусгай зөвшөөрлийн шаардлага үүсэж болно. Бараа хөдөлгөхөөс өмнө холбогдох байгууллагаас тодруул.
• Олон нэр төрлийн барааг нэг дор татах гэж байгаа бол: Invoice болон Packing List дээрх нэр төрөл, ширхэг, жин, савлагааны мэдээлэл бодит ачаатайгаа таарч байгаа эсэхийг шалга.
• Татварын хөнгөлөлт эдлэх боломжтой гэж үзэж байгаа бол: Гарал үүслийн баримт, тухайн бараанд хамаарах тарифын нөхцөлийг шалга. Барааг аль улсаас илгээж байгаагаар нь дангаар нь гарал үүслийг тодорхойлдоггүй.
• Тээврийн үнийг тооцохдоо: Барааны үнэ дээр тээвэр, даатгал, гаалийн татвар болон бусад холбогдох зардлыг хамтад нь тооцож, нийт буух өртгөө (landed cost) гарга.
Мөн Монголын гаалийн цахим үйлчилгээний системээр экспорт, импортын барааны мэдүүлэгтэй холбоотой үйлчилгээг авах боломжтой. Гаалийн цахим үйлчилгээний систем
Эндээс авах гол санаа нь энгийн: бараагаа захиалчхаад дараа нь бичиг баримтаа хөөцөлдөх биш, захиалга өгөхөөсөө өмнө шаардлагаа тодорхой болго. Ингэснээр хугацаа, зардлын эрсдэлээ урьдчилан тооцож, бараагаа саадгүй хүлээн авахад илүү бэлэн байна.
Барааны төрөл, HS код, гарал үүсэл болон импортын нөхцөл бүр өөр учраас дээрх жагсаалтыг бүх бараанд ижил үйлчлэх эцсийн шаардлага гэж ойлгож болохгүй. Тодорхой бараанд хамаарах дүрэм, зөвшөөрлийг гааль болон холбогдох мэргэжлийн байгууллагаас баталгаажуулаарай.
Та юу гэж бодож байна?
Энэ долоо хоногийн мэдээнүүдээс харахад дэлхийн худалдаа гэдэг чинь бараа аваад, зараад дуусдаг энгийн зүйл биш болжээ. Нэг талд нь тарифын маргаан, нөгөө талд нь шинэ тээврийн маршрут, цаана нь улс орнуудын стратегийн өрсөлдөөн. Эцэст нь энэ бүхний нөлөө барааны үнэ, тээврийн зардал, нийлүүлэлтийн хугацаан дээр ирж буудаг.
Тэгэхээр нэг асуулт байна. Монголын импортлогч компаниуд бараагаа зөвхөн хамгийн хямд үнээр нь сонгох нь зөв үү? Эсвэл арай үнэтэй ч нийлүүлэлтийн хугацаа нь тогтвортой, бичиг баримт нь бүрэн, даатгалтай тээвэр сонгох нь урт хугацаандаа ашигтай юу?
Мэдээж бүх компанийн нөхцөл өөр. Гэхдээ хил дээр саатсан, гэмтсэн эсвэл хугацаандаа ирээгүй ачааны зардлыг тооцохгүйгээр зөвхөн тээврийн үнийг харьцуулах нь заримдаа хамгийн үнэтэй алдаа болж мэднэ.
Таны хувьд ачаа тээвэр сонгохдоо хамгийн түрүүнд юуг хардаг вэ?
Үнэ, хурд, найдвартай байдал, эсвэл даатгал уу? Сэтгэгдлээ хуваалцаарай.
Зөвлөгөө
Гадаадаас бараа татдаг бизнес эрхлэгчдэд нэг жижиг зөвлөгөө өгье.
Тээврийн компаниудаас үнийн санал авахдаа зөвхөн нэгж үнэ асуугаад зогсохгүй дараах зүйлсийг хамтад нь тодруулаарай.
Үнэ яг юуг багтааж байна вэ?
Агуулахаас авах, ачих, буулгах, хил дамжих, гаалийн зуучлал, хүргэлт зэрэг үйлчилгээ үнэд багтсан эсэхийг шалга. Нэг компани хямд санал өгсөн ч нэмэлт зардлууд нь тусдаа байж болно.Хүргэлтийн хугацаа хэд вэ?
Зөвхөн тээврийн замд явах хугацааг биш, ачаа хүлээн авах, нэгтгэх, хил дээрх ажиллагаа болон эцсийн хүргэлтийг хамтад нь тооц. Боломжтой бол ердийн болон саатлын үеийн хугацааг тусад нь асуугаарай.Гаалийн бичиг баримт бүрэн үү?
Барааны нэр, тоо хэмжээ, жин, үнэ, гарал үүсэл зэрэг мэдээлэл хоорондоо зөрөхгүй байх ёстой. Барааны төрлөөс хамаарах зөвшөөрөл, гэрчилгээг тээвэр эхлэхээс өмнө шалгаарай.Ачаа гэмтвэл яах вэ?
Даатгалтай эсэхээс гадна ямар эрсдэлийг хамарч байгаа, нөхөн төлбөрийн хязгаар, үл хамаарах нөхцөл болон нэхэмжлэл гаргах журмыг унш. “Даатгалтай” гэдэг үг дангаараа бүх хохирлыг нөхөн төлнө гэсэн баталгаа биш.Нийт буух өртгөө тооцоорой.
Барааны үнэ + тээвэр + даатгал + гаалийн татвар + бусад холбогдох зардал. Ингэж тооцсоны дараа л аль санал бодитоор ашигтай байгааг харьцуулж чадна.
Эцэст нь хэлэхэд, сайн логистик гэдэг хамгийн хямд машинаар ачаа зөөхөөс илүү өргөн ойлголт. Зөв төлөвлөлт, баримт бичгийн бүрдүүлэлт, эрсдэлийн удирдлага гурав нийлж байж бизнесийн нийлүүлэлт тогтвортой явна.